Сүхбаатар аймагт хожуу дэлгэрсэн ч пауэрлифтингийн спорт амархан олонд танигдаж, уг спортоор хичээллэдэг тамирчид богино хугацаанд өндөр амжилт үзүүлж байгаа билээ. Дэлхийн 30 орон оролцсон "2017 оны Пауэрлифтингийн Дэлхийн аварга" шалгаруулах тэмцээн 2017 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Москва хотноо зохион байгуулагдлаа. 
Уг тэмцээнд Сүхбаатар аймгаас Монгол улсаа төлөөлөн оролцсон багш, шавь хоёр дэлхийн хошой медальтан боллоо. WRPF холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих газрын дарга, дэд хурандаа З.Мөнх-Эрдэнэ -100 кг-ын төрөлд аваргын алтан медаль, Онцгой байдлын газрын аврагч-гөл сөнөөгч, дэд ахлагч М.Лувсанданзан -82,5кг-ын нээлттэй төрөлд мөнгөн медаль хүртжээ. Тэд 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож М.Лувсанданзан мөнгөн медаль, З.Мөнх-Эрдэнэ алтан медаль хүртэж байсан юм. Тэдний хувьд дэлхийн аваргын хошой меадльтнууд болж Сүхбаатар аймгийн спотрын түүхэнд бичигдэхүйц томоохон амжилтын эзэд болсон юм.