Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Хэрлэн сумын ЗДТГ, ДЗМОУБ-ын “Хэнтий” ОНХХ, “Бор-Өндөр-2” ОНХХ-тэй хамтран Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар томилогдсон түймэр унтраах  нэг, хоёр, гуравдугаар бүлгийн бүрэлдэхүүнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх , түймэр унтраах арга тактикын мэдлэг олгох, түймэр унтраах үеийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор   “Ой хээрийн түймэр унтраахад-бидний оролцоо” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

     Арга хэмжээг сургалт болон хэлэлцүүлэг гэсэн хоёр хэсгээр зохион байгуулж, хэлэлцүүлгийг  “Ой хээрийн түймэр унтраах үед гардаг хүндрэл бэрхшээлийг даван туулах нь” гэсэн сэдвээр явууллаа.

     Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар томилогдсон түймэр унтраах  нэг, хоёр, гуравдугаар бүлгийн бүрэлдэхүүнд ихэвчлэн ЕБ-ын сургууль, цэцэрлэгийн багш ажилчид томилогдсон байдаг тул сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг урилгаар оролцуулсан бөгөөд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх болон түймэр унтраах үеийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зааварчилгааны санамжийг Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх тасгаас  ой хээрийн түймэр унтраах томилгоот бүрэлдэхүүнд  зориулан гаргаж, нийт 90 хүнд зөвлөмж болгон хүргэлээ. 

    Хэлэлцүүлэгт оролцогчдоос хээрийн түймэр унтраахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, багаж хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд зориулан  сан бүрдүүлэх хэрэгтэй гэх зэрэг цаашид хамтран хэрэгжүүлэн ажиллаж болох олон шинэ санал, санаачлага  гарлаа.

    Мөн Хэнтий  аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар ой хээрийн түймэр унтраах ажиллагаанд удаа дараа идэвхи зүтгэл гарган ажилласан иргэдийг “Хан Хэнтийн Алдартан” тэмдгээр шагнаж урамшууллаа.

    Түүнчлэн ДЗМОУБ-ын ОНХХ-ын төлөөллүүд Ой хээрийн түймэр унтраах багаж, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг   сайжруулахад  дэмжлэг үзүүлж, хамтран  ажиллахаа илэрхийлсэн юм.