Ерөнхий зориулалтын болон танк, артиллер, нисэх, агаарыг довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зэрэг төрөл мэргэжлийн цэргийн талаар хүмүүс сайтар ойлгоцтой байдаг бөгөөд байлдааны талбарт ямар зориулалт, үүрэг гүйцэтгэдгийг бараг бүгд мэднэ. Эдгээр төрөл, тусгай мэргэжлийн цэргийн дотроос инженерийн цэргийн талаар сүүлийн үед багахан мэдэх болжээ.

Bavuu-82_500x500

XIII ЗУУНЫ МОНГОЛЫН АРМИ ХЭРЭМ, БООМТ ЭВДЭХ
ИНЖЕНЕРИЙН АНГИТАЙ БАЙЖЭЭ

Инженерийн цэрэг нь тун ч гайхамшигт түүхтэй, тусгай мэргэжлийн төрлийн цэргийн нэг бөгөөд аль ч үүрэг гүйцэтгэхэд нэн тэргүүнд үүргээ гүйцэтгэдгийг ойлгох үүрэгтэй. Тэд байлдаанд ерөнхий зориулалтын ба танкийн цэргийн хамт нэгэн зэрэг буюу зарим тохиолдолд түүнээс ч эрт оролцдог онцлогтой. Инженерийн цэрэг нь дайн, байлдааны ажиллагаа дууссан ч тэдний хувьд энэ ажиллагаа дуусдаггүй үргэлжилдэг ганцхан төрөл мэргэжлийн цэрэг юм. Тухайлбал, сапёрчид чухамдаа домогт Халх голын дайн, түүнээс хойших үеийнсум, галт хэрэгслийг устгах, аюулгүй болгох ажилд энхийн цагт ч биечлэн оролцсоор байна.
Цэрэг, дайны урлагийг эртний үеэс нь судалж ажилладаг энгийн, цэргийн түүхийн судлаачид нь өөрсдийн анхаарлыг инженерийн цэрэгт хандуулсан нь төдий л их биш юм. Учир нь ялалтад хүрэхэд инженерийн цэргийн үүрэг, роль шийдвэрлэх зүйлс нь хэдий их биш ч, магадгүй үлэмж ач холбогдолтой байхыг үгүйсгэх аргагүй.
Түүхэнд агуу их эзэн хаад, жанжны нэр алдартай хамт инженерийн ууган мэргэжилтнүүдцөөн боловч ч дурдагддаг. Тухайлбал, аугаа Александр хааны инженер Диадес (нийтийн тооллын өмнөх 334 онд Халикарнассус цайзыг эзэлсэн), аугаа их жанжин Юлий Цезарийн инженер Мамурр (нийтийн тооллын өмнөх 49 онд Марселийг эзэлсэн) нарын тухай товчхон дурдсан нь буй.
Инженерийн цэргийн үүсэл, хөгжил нь нэн эртний түүхтэй бөгөөд монгол нутагт анхны хүн үүссэн тэр л цагаас монголчуудын инженерийн цэргийн ухаан, урлаг үүссэн болохыг манай эрдэмтэд тогтоогоод байна. Элдэв дайн тулалдаан, мөргөлдөөн, тэмцэл гарах бүрт л тухайн цэргийн өөрсдийн амьд хүчнээ хамгаалах асуудал, эсрэг талын үйл ажиллагааг саатуулах, тэдэнд хохирол учруулахын тулд ердийн аргаас эхлэн олон төрлийн арга ажиллагааг хэрэглэн, улам боловсронгуй болгон хэрэгжүүлж ирсэн нь цэргийн инженерийн хэргийн суурь эхлэл болсон юм.
XIII зууны монголчуудын их аян дайныг Чингис хаан эхлүүлсэн цагаас монголчуудын инженерийн цэргийн хөгжил, арга ухаан шинэ шатанд гарсан гэж үздэг бөгөөд энэхүү хөгжил нь цагийн эргэлтэд хөгжин баяжсаар орчин үеийн байлдааны инженерийн хангалтын үүрэг болж, байлдааны бие даасан нэгэн төрөл болтлоо хөгжиж иржээ.
Энэ мэт түүхэн баримтууд нь Америкийн эрдэмтэн Ж.Д.Вернадскийн ”XIII зууны Монголын арми бол тэр үеийн дэлхий дахины хамгийн шилдэг арми байсан нь ямар ч эргэлзээгүй. Энэ морьт арми нь хэрэм, боомт эвдэх инженерийн ангитай байжээ” хэмээн хэлснийг хөдөлгөөнгүй нотлох бөгөөд инженерийн цэргийн түүх, дайчин замнал нь өнө эртний улбаатай, ирээдүй хойчийн даллага, залгамж, холбоотойг мэдэрч болох юм. Дэлхийн нэрт улстөрч, Энэтхэгийн Ж.Неру “Александр Македонский, Юлий Цезарь нар Чингисийн цэргийн жанждын хажууд хэн ч биш байсан”-ыг шударга үнэлжээ. Тиймээс ч эзэн Чингис хаан “Мянган цэргийг олохуй дор хялбар, нэгэн жанжныг олохуй дор бэрх” хэмээн сургасан буй за.

“ЭВДЭХ БА СЭЛБЭН ЗАСАХ САПЁРЫН САЛАА”-Г АНХЛАН БАЙГУУЛСАН

Орчин үеийн Зэвсэгт хүчний хөгжлийн түүхэнд инженерийн цэргийн гүйцэтгэж ирсэн түүхэн үүрэг, ач холбогдол үнэлж баршгүй их юм. Аливаа шинжлэх ухаан, техникийн хөгжил, түүний ололт, үр дүн нь хамгийн түрүүнд цэргийн хэрэгт нэвтэрч, улмаар Зэвсэгт хүчний чадавх, дайн, байлдааныг явуулах стратеги, оператив, тактикийн урлагт зарчмын өөрчлөлт оруулсаар ирсэн түүхтэй. Аливаа шинэ зэвсэг буй болохын хамт тэдгээртэй тэмцэх шинэ арга хэрэгсэл, шинэ техник, технологийг нэхдэг ба өнөөгийн дэлхийн инженер-сапёрын цэргийн хөгжил ч энэхүү жамыг тойроогүй юм. Ялангуяа дэлхийн I, II дайны жилүүдэд Европын орнууд, тэдгээрийн дотор Оросын инженерийн цэргийн хөгжилд өндөр амжилт олсон нь манай улсын хувьд тусгалаа олж, хуучны ЗХУ-ын тусламжтайгаар МАХЦ-т инженерийн цэргийн үр хөврөл буй болсон хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг.
Монголын Ардын журамт цэрэг 1921-1922 онд манай орны баруун ба төв, зүүн хэсгийг цагаантнаас чөлөөлөх байлдааны үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж явуулсан бөгөөд энэ үед инженерийн цэрэг үүсч буй болоогүй ч инженерийн хангалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, эртний монгол цэргийн уламжлалыг хадгалсаар ирсэн.
МАХЦ-ийн түүхэнд 1927 оны эцсээр нэгдүгээр морьт хорооны орон тоонд туршилтын журмаар “Инженер-сапёрын салаа” оруулж, 1928 онд “Эвдэх ба сэлбэн засах сапёрын салаа”-г анхлан байгуулсан нь Монголын орчин үеийн армийн инженерийн цэргийн эхлэл байжээ. Тэрчлэн 1941-1942 онд төрөл мэргэжлийн цэргийн ангиудыг байгуулсны дотор Улаанбаатар хотод бэлтгэл инженерийн ротыг байгуулж, улмаар 1944 онд инженерийн тусгай ротыг байгуулсан юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэрэг нь 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1947 оны баруун хилийн тулгаралтад инженерийн хангалтын үүргүүдийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн баатарлаг түүхтэй. Зэвсэгт хүчин нь Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө зогсох төрийн чухал хэрэгсэл, нөгөө талаас даяаршлын өнөөгийн эрин үед даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хувь нэмрээ оруулах зайлшгүй нөхцөл, шаардлага үүсч байгаагаас үүдэн дэлхий нийтийн жишиг, жаягийн дагуу өөрчлөлт, шинэчлэлийг хийх нь зүй ёсны хэрэг юм.
Тэд Зэвсэгт хүчний тусгай чиг үүргүүдийг гүйцэтгэх болоод энх цагийн бүтээн байгуулалтын ажилд өөрсдийн бодит хувь нэмэр оруулан манлайлагч үүрэг гүйцэтгэсний дээр өнөө цагт НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан сургалт, дадлагад амжилттай оролцож, бусад төрөл мэргэжлийн анги, салбаруудад бодит үлгэр жишээ үзүүлсээр явна.


“ИНЖЕНЕРИЙН” ГЭСЭН ТОДОТГОЛТОЙ ЗУРГААН ГЕНЕРАЛЫН
МАНЛАЙ НЬ Д.БАВУУ

 

Мэдээг түгээх: