2016 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс 2 дугаар багийн нутаг Цагаан хад гэдэг газар малчин Д.Батбаярын нохой үхсэн.
         Нохойноос дээж авч аймгийн Мал эмнэлэгийн лабораторийн шинжилгээгээр халдварт галзуу өвчин болох нь нотлогдсон тул Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.6 дэхь заалт, Малын удмын сан, Эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1,11.3 дэхь заалт, Засаг захиргааны, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-ын а, 29.16-ын б заалтыг тус тус үндэслэн тус сумын Засаг даргын А/20 захирамжаар 2016 оны 02 дугаар сарын 04-18-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
        Өвчний голомтоос, хамгаалалтын бүсийг 5 км тойргийн дотор тогтоож хүн, малд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, голомтод 6 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг ажиллаж, өвчлөлийн шинж  тэмдэг дахин илрээгүй учир тус сумын Хайс 2 дугаар багийн хорио цээрийн дэглэмийг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагт цуцалсан байна.