Аймгийн хэмжээнд 2015 оны 11, 12-р сард 14 удаа  цас орж нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон  байна.

         Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга онцгой байдлын хурандаа М.Энх-Амар даргаар ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж аймгийн онцгой комиссын хурал хийж зохих шийдвэрийг  гаргуулсан байна.

         Аймгийн Хангай, Тариат сум ЦАГААН ЗУДТАЙ”,  Цахир, Өндөр-Улаан, Чулуут сум “ЦАГААНААР ЗУДАРХУУ” гэж үнэлэгдсэн байна.  Дээрх сумдад цасны дундаж өндөр 11,8-21,5 см, хунгарласан газраа 24-33,3 см, бусад нутгаар 1-10 см цасан бүрхүүлтэй байна.

         Өвөлжилт хүндэрсэн сумын малчид сум хооронд болон хил залгаа Хөвсгөл, Завхан аймгаас  нийт 752 айл өрхийн 326470 толгой мал отроор өвөлжиж байна.

         Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 480 дугаар тогтоолоор тус аймагт малчдад төрийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах 100.0 сая төгрөг, Улсын нөөцийн салбарт 200 тн өвс, тэжээл нэмж байршуулах, Төвшрүүлэх суман дахь Улсын нөөцийн салбараас 2013, 2014 оны 249,2 тн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй, 145,3 тн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.

         Засгийн газраас буцалтгүй тусламжаар олгосон өвс, хямдруулсан тэжээлийг  аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэн хуваарь хийж өвөлжилт хүндэрсэн сумдад тээвэрлэн хүргэх ажлыг зохион байгуулж зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлж, хяналт тавих сумдад хүлээлгэн өгөх ажлын хэсгийг Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүдийн төлөөллийг оролцуулан аймгийн Засаг даргын захирамжаар томилон ажиллаж байна.

         Мөн аймгийн Онцгой комиссын 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн хурлаар аймгийн нөөцийн 2013 онд бэлтгэсэн 380 боодол өвсийг буцалтгүй тусламжаар үнэгүй олгох, 2014 онд бэлтгэсэн 2749 боодол өвсийг 50 хувь хямдруулж 2400 төгрөгөөр, мөн хорголжин тэжээлийн үнийг 50 хувь хямдруулж 10000 төгрөгөөр худалдахаар тус тус шийдвэрлэсэн байна.