Архангай аймгийн хэмжээнд 2015 оны 10, 11, 12 дугаар сард нийт 8 удаагийн цас орж нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтож Цахир, Хангай, Тариат, Өндөр-Улаан сумдад өвөлжилт хүндэрч, Чулуут, Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, Хашаат сумдад хүндэрч болзошгүй байна.

           Өвөлжилтийн нөхцөл байдлыг газар дээр нь үзэж шалгах ажлын хэсгийг аймгийн засаг даргын захирамжаар томилон Цахир, Хангай, Тариат, Өндөр-Улаан суманд ажиллууллаа. Дээрх сумдад цасны өндөр 10-22 см, хунгарлаж шуурсан газраа 20-30 см болж мал аж ахуйн өвөлжилт хүндэрсэн байна. Өвөлжилт хүндэрсэн сумын малчид сум хооронд болон хил залгаа Хөвсгөл, Завхан аймгаас  нийт 675 айл өрхийн 2566 иргэн, 326470 толгой мал отроор өвөлжиж байна.

         Тус аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт өгөх Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус аймагт ажиллалаа.

         Аймгийн зудын нөхцөл байдлыг хохирол багатай даван туулах, отроор яваа малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, өвс тэжээл тээвэрлэн хүргэх, зам даваа онгойлгох, сум, багт туулах чадвартай автомашин ажиллуулахад шаардлагатай санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Улсын нөөцийн өвс, тэжээлийн үнийг хямдруулах, Онцгой байдлын газарт шуурхай албаны автомашины туслалцаа үзүүлэх санал хүсэлтийг Улсын Онцгой комиссын ажлын хэсэгт  тавьсан байна.