ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Улсын нөөцийн салбарын үйл ажиллагаатай танилцан, нийт бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.

Уулзалтын үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, сүүлийн үед Онцгой байдлын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хууль эрхзүйн хүрээнд хийгдэж буй томоохон ажлуудыг танилцуулж мэдээлэл өгсөн юм.

- УИХ-аар Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Онцгой байдлын албаны тухай, Гамшгаас хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалыг батлуулсан.

- “Монгол Улсын Батлан хамгаалахын цэргийн бодлогын үндэс” бодлогын баримт бичигт Онцгой байдлын байгууллагыг оруулсанаар байгууллагын бие даасан байдал, албан хаагчдын цол, дүрэмт хувцас, нийгмийн баталгаа, тэтгэвэр, тэтгэмжийн асуудал баталгаажсан.

- Засгийн газрын 80 дугаар тогтоолоор Аврах, гал унтраах ангиудын зэрэглэлийг нэмэгдүүлж, орон нутгийн Онцгой байдлын хэлтсүүдийг Онцгой байдлын газар болгон өргөжүүлсэн.

- Аймгийн Эрэн хайх, аврах салбаруудыг Эрэн хайх, аврах анги болгож, Эрэн хайх, аврах бүлгийг Эрэн хайх, аврах салбар болгосон.

- Засгийн газрын тогтоолоор “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлуулсан. Энэхүү хөтөлбөр батлагдсанаар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь зөвхөн Онцгой байдлын байгууллагын асуудал биш үндэсний хэмжээний асуудал болж байгааг онцолсон.

Мөн Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг батлуулсан. Энэхүү төлөвлөгөө батлагдсан нь Монгол Улс аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөлт, бодлогын баримт бичигтэй болж байгаа талаар танилцууллаа.

25 айлын орон сууц ирэх жил ашиглалтад орно

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын аймгийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэр албан хаагчдаас дараах санал, хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүсч байлаа.

- Онцгой байдлын газрыг шилэн кабельд холбох болон уурын зуухыг шинэчлэх зардлыг шийдвэрлэж өгөх,

- Гал унтраах ангийн удирдлагыг томилох, зарим шаардлагатай орон тоог нэмэгдүүлэх,

- Компьютерийн тоог нэмэгдүүлэх,

- Шуурхай удирдлагын автомашиныг шинэчлэх шаардлагатай байна гэсэн саналыг тавьж байлаа.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал эдгээр санал хүсэлтийг хүлээн авч,  зарим асуудалд газар дээр нь хариу өгөн, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгөхөө илэрхийллээ.

Аймгийн Онцгой байдлын газраас албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 25 айлын орон сууцыг барьж эхлүүлэн одоогийн байдлаар барилгын гүйцэтгэл 60 гаруй хувьтай байгаа юм байна.

2016 оны 7 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар танилцууллаа.

Баянхонгор аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог, тарваган тахал өвчний байгалийн голомттой, уул уурхайн осол, хүчтэй салхи шуурга, хүн, малын халдварт өвчин ихэвчлэн тохиолддог. Тиймээс орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх, Онцгой байдлын албаны автомашин, техник тоног төхөөрөмжийг шинэчлэхэд аймаг, орон нутгаас нилээд анхаарч ажилладаг байна.

Онцгой байдлын газарт шуурхай албаны болон туулах чадвар сайтай аврах ажиллагааны автомашин,  Баянлиг, Богд, Бууцагаан сумдад гал унтраах автомашиныг дагалдах тоног төхөөрөмжийн хамт шийдвэрлэж өгчээ.