Аймгийн Засаг дарга Монгол улсын Шадар сайдтай байгуулсан гэрээнд тусгагдсаны дагуу гамшгаас хамгаалах “Иж бүрэн” сургуулийг 2015 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулж явуулав. Уг дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 10 алба, 31 мэргэжлийн анги, аж ахуй нэгж байгууллагын дарга нийт 910 ажилтан албан хаагч оролцон гамшиг, ослын үеийн албад хоорондын харилцан ажиллагаа, уялдаа холбоо, удирдлага зохион байгуулалтын талаар мэдлэг ойлголтоо дээшлүүлэн ажиллаа.

Сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд Баянхонгор аймгийн төвийн нийт ард иргэдийг газар хөдлөлтийн гамшгийн үеийн зарлан мэдээлэх дуут дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулж нийт 18053 иргэн оролцож хуулинд заасан иргэний эрх үүргээ биелүүлсэн байна. Мөн өдөр Сургуулийн удирдагч, ОБЕГазрын ГУСГазрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Архангай аймгийн ОБГазрын ССУСАХМэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч Чимэдлхам, Өвөрхангай аймгийн ООБГазрын ССУСАХМэргэжилтэн С.Пүрэвсүрэн, Ховд аймгийн ОБГазрын мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч Одгэрэл нар аймгийн Хөгжимт драммын театерт Газар хөдлөлтийн гамшиг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ сэдэвт сургалтыг Ерөнхий боловсролын 5 сургууль, МСҮТөв, ҮХҮДээд сургуулийн нийт 950 оюутан сурагчдад зохион байгуулсан болно.  

Гамшгаас хамгаалах "Иж бүрэн" сургуулийн дадлага ажлыг аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүнд "газар хөдлөлтийн гамшиг", "Цасан болон шороон шуурга", "Зуд", "Хүн, малын гоц халдварт тарваган тахал, боом өвчин"-ний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг 5 төрлийн цагийн байдал үүсгэн илтгэлийг салбаруудын чиглэл тус бүрээр сонсон заавар зөвлөмж өгч ажилласан ба цагийн байдалтай уялдуулан газар хөдлөлтийн гамшгийн үеийн эрэн хайх, аврах ажиллагаа, хүн малын гоц халдварт өвчний үеийн хээрийн эмнэлгийн дэлгэлт, сум нүүлгэн шилжүүлэх ажиллагаа зэрэг дадлага сургуулийг Дэлхийн зөн Баянхонгор, Улаан загалмайн хороо зохион байгуулж нийт 850 орчим хүн оролцсон болно.

Уг сургуулийн үеэр ОБЕГазрын дарга, Бригадын генерал Т.Бадрал ирж сургууль, дадлагын үйл явцтай танилцан аймгийн  Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Жаргалсайхан, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Д.Ширмэн нарыг “Онцгой байдлын албаны төлөө” 2-р зэргийн тэмдэгээр шагнаж урамшуулан амжилт хүсэв.

Сургуулийн удирдагч, ОБЕГазрын ГУСГазрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяраас өгсөн үүргийн дагуу Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, аж ахуй нэгж байгууллагын дарга нарын дунд "Хээрийн тактикийн дадлага"-ыг зохион байгуулж нийт 14 багийн 107 албан тушаалтан оролцож 1-р байранд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга н.Энхтөр ахлагтай “Аварга” баг, 2-р байранд Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга О.Тойвгоо  ахлагчтай “Аврагч” баг, 3-р байранд Улсын бүртгэлийн нягтлан бодогч Ц.Эрдэнэ-Очир ахлагтай Цоглог баг орсон байна.

Гамшгаас хамгаалах "Иж бүрэн" сургуулийн хаалтын ажиллагаанд Сургуулийн удирдагч ОБЕГазрын ГУСГазрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр үг хэлж аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга болон удирдлагуудад дадлага сургуулийн явцад гарч байсан алдаа дутагдал, шаардлагатай материал хэрэгсэл зэргийг уламжлан жилийн төсөв хөрөнгөд тусган шийдвэрлэж байхыг даалгав.

Сургуулийн хаалтын үйл ажиллагаатай холбогдуулан газрын Эмч-сэтгэл зүйч, онцгой байдлын дэслэгч Н.Анхбаяр аймгийн Хөгжимт драммын театер, Тэмүүжин театерын уран бүтээлчидтэй хамтран Онцгой байдлын газрын “Онцгой албаныхан” албаны дуу болон цэрэг эх орны сэдэвтэй дуу, дэлхийн сонгодог зохиолын ая зэргээр богино хэмжээний концерт тавин албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж ажилласан болно.

Гамшгаас хамгаалах "Иж бүрэн" сургуульд Баянхонгор аймаг 93%, А гэсэн үнэлгээтэй дүгнэгдсэн болно.