Өвөлжилтийн бэлтгэлийг хангах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Нэгдсэн үндэсний байгууллагаас санаачилсан “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” уриан дор нэг сарын хугацаатай зохион байгуулагдаж байгаа өдөрлөг  Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр нэгэн зэрэг нээлтээ хийлээ.

Хан-Уул дүүрэгт зохион байгуулагдах өдөрлөг 20 дугаар хороо Мишээл экспо төвд  болж, дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ нээн үг хэллээ.
Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн аж ахуйн нэгжүүд хамтран оролцож, дулаалгын материал, шалны халаалт, дулаан баригч, цахилгаан, хийн халаагуур гэх мэт эрчим хүчинд хэмнэлттэй, өртөг багатай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Мөн ногоон зээлийн үйлчилгээний талаарх мэдээллийг банк, санхүүгийн байгууллагууд өгч, зээлийн үйлчилгээг газар дээр нь хүргэн ажиллаж байна.
Тус өдөрлөгийн нээлтийн үеэр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх болон түлшийг хэрэглэхэд анхаарах, гал түймрийн аюул болон угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 3 төрлийн видеог лед дэлгэцээр иргэдэд сурталчилж, гарын авлага материал 500 ширхэгийг тарааж ажиллалаа.