Хаврын хуурайшилттай холбоотой ахуйн болон ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор ногоон бүсийн эргүүл шалгалтын ажлыг  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулан ажиллаж байна. Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ил задгай хаясан хогийн цэг, өнжмөл шар өвс шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх дуудлага сүүлийн өдрүүдэд ихсэх хандлагатай байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан шалгалтын үеэр Зайсангийн ам, Хүүшийн ам, Тайны аманд тус тус гал гарч, Гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар ангийн бүрэлдэхүүн цаг алдалгүй унтрааж ажиллалаа.

Коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед иргэд амралтын өдрүүдэд гэр бүлээрээ уулын амыг зорьж, салхинд гарах нь их байна.

Иймд иргэд та бүхэнд анхаарал болгоомжтой байж, гал гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс дараах зөвлөгөөг хүргэж байна.  

  1. Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
  2. Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  3. Машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох
  4. Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  5. Тамхийг зөвхөн зөвшөөрөгдсөн цэгт татах, тамхи, шүдэнзний галыг бүрэн унтрааж байх
  6. Өнжмөл шар өвсийг ямар ч тохиолдолд галдан шатаахгүй байх
  7. Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
  8. Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж, хэрэгсэлтэй байх