АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 10 ДУГААР ХУРАЛДААНААР ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА
_______________________________________
Аймгийн Онцгой комиссын 10 дугаар хуралдаан өнөөдөр /2020.03.16/ боллоо. Хуралдаанаар коронавируст (COVID-19) халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй нөхцөл байдалтай холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

- Аймгийн хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлэх, (COVID-19) халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын постод санамж, асуумж бөглүүлж, бүртгэлийг хийж ариутгал халдваргүйтгэлийг шуурхай зохион байгуулж нэвтрүүлэх

- Спорт заал, фитнессийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс нээж, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх, 10-с дээшгүй хүний бүрэлдэхүүнтэй зөвхөн бие чийрэгжүүлэх дархлааг дэмжих, ажлыг зохион байгуулах, ариутгал халдваргүйтгэл урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх

-Тусгаарлах байранд байгаа хүмүүсээс 3 дахь сорьцын шинжилгээг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр багтаан авч, ХӨСҮТ-д хүргүүлэх ажлыг зохион байгуулах

- Сайншанд сумын хэмжээнд байгаа хог хаягдлыг цэвэрлэх, ариутгах, нийтийн орон сууцны цэвэрлэгээ үйлчилгээг СӨХ-д хариуцуулж ариутгал халдваргүйтгэлийн ажлыг тогтмолжуулан үүрэг чиглэлээр хангаж ажиллах

- Зүүнбаян, Хамарын хийдэд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг чанартай зохион байгуулах, ариутгалын дүк автомашиныг Замын-Үүд суманд явуулж гудамж, талбай, ариутгалын халдваргүйтгэлийн ажлыг яаралтай зохион байгуулах

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах бэлтгэл ажлыг 03 дугаар сарын 17-ны дотор бүрэн хангах арга хэмжээг авах, нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг сэргээх бэлтгэх ажлын хүрээнд ханги хилийн боомтод шуурхай ажлын хэсгийг ажиллуулж удирдлага зохион байгуулалтаар хангаж үр дүнг танилцуулах, дүгнэлтийг гаргаж ажиллах

- БНХАУ-ын Эрээн хотын боомтын хяналтын талбайд хүнд даацын нүүрс тээвэрлэх зориулалт бүхий чингэлэгтэй 31 тээврийн хэрэгсэл, Мандал боомтын нүүрс буулгалтын талбайд хүнд даацын нүүрс тээвэрлэх зориулалттай 92 автомашинуудыг 03 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд багтаан хилийн боомтуудаар оруулах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах

- Голомтын бүсэд хорио цээрийн дэглэмд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын /Цагдаа, Онцгой байдал, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналт/ хоол хүнс, дархлааг дэмжих, витаминжуулах ажлыг шийдвэрлэж ажиллахыг тус тус үүрэг болгов.