Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ноос өнөөдөр Архангай  аймагт чуулга уулзалт зохион байгууллаа.

Чуулга уулзалтанд тус холбооны гишүүн ЗХУ болон БНМАУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа аймгийн төрийн цэргийн байгууллагын алба хаагчид, тэтгэвэр, чөлөөнд буй ахмадууд болон орон нутгийн удирдлагууд оролцож, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар зөвлөлийг Архангай аймагт байгуулж салбар зөвлөлийн тэргүүнээр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан сонгогдлоо.

Энэ үеэр зарим алба хаагчдыг шагнаж урамшуулсаны дотор Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга дэд хурандаа Д.Цэрэндорж “Дайчин алдар-2” медалиар шагнагдлаа.

Төрийн хууль, хүчний мэргэжлийн 30 гаруй байгууллагыг нэгтгэсэн тус холбоо улс төрөөс ангид, нийгэмдээ хандсан ажил, үйлчилгээ явуулах эрхэм зорилго, зорилтуудыг дэмжих ажлын хүрээнд үйл ажиллагаа нь чиглэгддэг бөгөөд Монгол хүмүүн бүрт жинхэнэ эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн суулгах нөлөөллийн ажиллагааг хийж, Монгол эх орноо хайрлан хамгаалах, түүний төлөө хүчин зүтгэх чанартай эх оронч зүрх , сэтгэлийг утгаар нь дэлгэрүүлэн үндэсний үзэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэхийг зорьдог байна.