2016 оны 10 дугаар сарын 11-12-нд Японы хүүхдийг ивээх сантай хамтран “Хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн анхны тусламж, сургуулийн орчинд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Японы хүүхдийг ивээх сан нь 2016 онд хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар аймгуудын малчид болон тэдний хүүхдүүдэд туслах тусламжийн төслийнхөө дараагийн шатанд “Зудад нэрвэгдсэн малчдын хүүхдэд боловсролын дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэн гамшгийн эрсдлийг бууруулах чадавхийг бэхжүүлэх нь” төслийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд Архангай аймгийн Онцгой байдлын газартай хамтран дээрх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд Архангай аймгийн Өлзийт, Хангай, Цахир, Өндөр-Улаан сум болон Хануй баг, Тариат сум болон Мөрөн багийн бага, дунд сургуулийн нийгмийн ажилтан, багш нар, аймгийн Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсролын газраас 27 ажилтан, албан хаагч тус сургалтанд хамрагдаж сургагч багшийн гэрчилгээ гардан авлаа.

Японы хүүхдийг ивээх сангаас дээрх сумдын сургууль тус бүрт бүтэн жилийн эрхтэй жи-мобайлын суурин утас гардуулан өгснөөр сурагчид эцэг эх ах дүү нартайгаа холбоо барих нөхцөл боломжийг бүрдүүлж, тэднийг болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Цаашид эдгээр бэлтгэгдсэн сургагч багш нар сум орон нутгийнхаа ЕБС-ийн сурагч, багш нарт гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхижуулах сургалтуудыг зохион байгуулж, Японы хүүхдийг санд төсөл бичиж шалгаруулалтанд орох бөгөөд шалгарсан сумдын ЕБС-д сургуулийн орчны гамшгийн эрсдэлийг бууруулахад нь хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.