Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт нутаглаж буй Төвшрүүлэх сумын малчин Ч-ийн хот айлд “Үхрийн хорт салт халуурал” өвчин гарсан нь УМЭАЦТЛ-ийн шинжилгээгээр батлагдсан тул аймгийн Засаг даргын 2016 оны 07 сарын 27-ны өдрийн А/346 дугаар захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоолоо. Тус өвчний голомтод Онцгой байдлын газар, ХХААГ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар Эрүүл мэндийн газар, сум орон нутгаас нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Өвчний голомтоос 10 км радиуст гурван газарт эргүүл пост гаргаж голомтын бүсэд мал амьтан оруулах, малын түүхий эд бүтээгдэхүүнийг гаргах бэлтгэх үйл ажиллагааг хориглон хяналт тавьж байна.

Голомтод байгаа  13580 бог, 1394 үхэрт үзлэг хийж өвчтэй 13 үхрийг тусгаарлан шинж тэмдгийн эмчилгээ хийн үхэр, бог малд угаалга хийж, 3 өвөлжөө, 12 хаваржаа, 13 хашаа бүгд 12490м кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна. Мөн Эрүүл мэндийн газраас өвчний голомтод байгаа 8 өрхийн 39 хүнд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийхэд халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Одоогоор нэмж өвчилсөн мал байхгүй, өвчинтэй тэмцэх зааврын дагуу хорио цээрийн дэглэм сахиулан ажиллаж байна.