2016.07.10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хэмжээнд хүчтэй аадар бороо, мөндөр 15-20 минут үргэжлэн орсны улмаас тус сумын 1, 4, 6, 9, 11, 13 дугаар багийн нутаг дэвсгэр үерийн усанд автагдсан. Үерийн усанд нэрвэгдсэн иргэдийг болон эд хөрөнгийг аврах ажиллагаанд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Өлгий сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, Цахилгаан шугам сүлжээний газар, Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, Хилийн цэргийн 0165 дугаар анги, зам засварын "Жол" ХХК, цэвэр, бохир усны "Суат" ХХК-ны ажилтан, албан хаагчид оролцов. Аврах ажиллагааны үед нурсан байшинд дарагдсан 5 хүнийг татан гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэсэн ба үерийн усанд боогдсон 154 хүнийг авран хамгаалж аюулгүй болгосон. Ус дүүрсэн нүхэнд унаж амь насаа алдсан 3 настай хүүхдийн асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Урьдчилсан байдлаар хүчтэй аадар борооны үерт 361 өрхийн 1664 хүн нэрвэгдэж, 105 байшин нурсан ба 70 байшин нурах аюултай байгаа тооцоо гараад байна.