Архангай аймгийн Онцгой байдлын газраас Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд 19 суманд үүрэг чиглэл хүргүүлж, аймгийн төвийн үерийн далан суваг шуудууны хогийг цэвэрлэж бэлэн байдлыг хангаж, уснаас аврах багаж хэрэгсэл, автомашин техникт үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийж, дуудлагаар ажиллах 1, 2 дугаар бүлэг, автомашин, техник багаж хэрэгслийг томилгоожуулж  бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

 

Мөн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран Тариат сумын Тэрхийн цагаан нуурын эрэг дагуух 7 жуулчны бааз, 12 гэр буудал ажиллуулдаг 25 ажилтан албан хаагчдад үер усны ослоос урьдчилан сэргийлэх, усанд осолдсон хүнд анхны тусламж үзүүлэх, аврах завь хантаазанд тавих стандарт сэдвээр 3 цагийн сургалт дадлага зохион байгуулж, автомашины чанга яригчаар зөвлөгөө мэдээлэл хүргэж, санамж боршур тараалаа. Баяр наадмын өдрүүдэд ОБГ-ын 9 албан хаагч Тэрхийн цагаан нуурын эрэг орчмоор завьтай эргүүл хийж аялагч амрагчдын аюулгүй байдлыг ханган ажиллаа.

ОБГ-ын албан хаагчид баяр амралтын өдрүүдэд голын усанд автомашинтай суусан 14 дуудлагаар  ажиллаж 34 хүний амь насыг үер усны ослоос авран хамгаалсан байна.