Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах, 51 дүгээр ангийн барилгыг хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга хурандаа Г.Ариунбуян, аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал, бусад агентлагын дарга,  хамтран ажиллагч байгууллагын удирдлагууд оролцлоо.

Гал түймэр унтраах аврах, 51 дүгээр ангийн барилгын гүйцэтгэгчээр “Акмин холдинг” компани ажиллаж чанарын өндөр түвшинд барьж улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

Тус үйл ажиллагааны үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан 8 албан хаагчийг   ОБЕГ-ын Баярын бичиг, Жуух бичиг, Ахмадын алдар, Алтан соёмбо  тэмдгээр  шагнаж урамшууллаа.

Мөн тус барилгын албаны орон сууцанд орох 7 албан хаагчид байрны түлхүүр гардууллаа.

Гал түймэр унтраах, аврах ангийн барилга нь 12 автомашин орох дулаан гарааш, 1, 2 дугаар давхарт контор аврагчдын амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх байр, хоолны заал, сургалтын танхим, дууш саун зэрэг албан хаагчдын ая тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн, тус барилга нь холбоо дохиоллын хэрэгслээр бүрэн тоноглогдсон, 3-р давхартаа 8 айлын албаны орон сууцтай, мөн ГУТОТС-оор хичээллэх, гал унтраах аврах ажлын дадлага хийх 4 давхар сургалтын цамхаг, гадна биеийн тамирын талбай бүхий цогцолбор барилга юм.