Биндэр сумын Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах, менежмент зохицуулалтын  МОН 13\301” төсөлтэй хамтран Биндэр суманд “Гамшгаас хамгаалах өдөрлөг” зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Хэнтий аймгийн ОБГ-аас Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч онцгой байдлын ахмад Р.Батсайханаар ахлуулсан 3 албан хаагч,ахмад ажилтнуудын төлөөлж 3 ахмад настан ,гамшгийн голомтонд ажиллаж яваад амь эрсэдсэн аврагчийн ар гэрийн төлөөлөл болон гамшигт өртсөн ахмад ажилтнууд оролцлоо.

Нээлтийн арга хэмжээнд Биндэр сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, ойн нөхөрлөлүүд жагсаж, техник багаж хэрэгслийг дэлгэн сурталчиллаа.

“Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдлийг бууруулах Биндэр” хөтөлбөрийн хэрэгжилт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлж, “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулахад иргэдийн оролцоо сэдвээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн МОН 13\301” төслийн үндэсний зохицуулагч Ш.Алтанчимэг, Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч онцгой байдлын ахмад Р.Батсайхан нар тус тус илтгэл тавьлаа.

Өдөрлөгийн үеэр  Биндэр сумын Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн МОН 13\301 төсөл, Онцгой байдлын газраас Гамшгийн голомтонд албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн аврагчийн ар гэрт болон гамшигт өртсөн ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлж,бэлэг дурсгалын зүйл гардуулсан ба Онцгой байдлын газраас Биндэр сумын Засаг даргын тамгын газарт болон тус сумын 3 иргэнд, МОН 13\301 төслийн багийнханд бэлэг дурсгалын зүйлийг  гардуулав.  

 

Биндэр сумын  ойн нөхөрлөлүүдээс бүрдсэн 9 багийн дунд удирдамжийн дагуу “Аврагч” тэмцээнийг зохион байгуулж нэгдсэн дүнгээр “Есөн эрдэнэ” нөхөрлөл 1-р байр, “Сэрүүн баялаг” нөхөрлөл 2-р байр, “Дэлгэр-Онон”  нөхөрлөл 3-р байранд шалгарлаа.