Хэнтий аймгийн нутгаар хуурайшилт эрт явагдаж,  ой хээрийн түймрийн эрсдэл их байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж,  Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааг зохион байгуулах, сумын түймэртэй тэмцэх томилгоот хэсгийн бэлтгэлийг хангуулах, орон нутагт түймрийг богино хугацаанд илрүүлэн  унтраах үүрэг бүхий 2 шуурхай бүлгийг Онцгой байдлын газраас Батширээт , Норовлин  сумдад 4,5 дугаар саруудад томилон ажиллууллаа.

Шуурхай бүлгүүд  дээрх 2 сумын 48 байгууллага аж ахуйн нэгж,  3578 өрхийн  9784 иргэнд ой, хээрийн болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалт,  ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулж, НҮБ-ын Байгалийн нөөцийн хамтын менежментийн төслийн багийнхантай хамтран  Батширээт сумын Эг, Цэгээ, Согоот, Барх, Норовлин сумын Хөх асгат, Түмэнхаан , Энгэр булаг , Нарстай зэрэг ойн нөхөрлөлүүдийн нийт 121 иргэнд  “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Ойн тухай хууль” болон ой, хээрийн түймэр унтраах багаж зэвсэглэмжийн ашиглалт,  унтраах арга зүйн талаар нийт-24 цагийн сургалт, дадлагыг  явууллаа.

      

            Шуурхай бүлэг нь Биндэр, Дадал сумын нутагт гарсан 3 удаагийн ой хээрийн түймэрт орон нутгийн иргэдийг мэргэжлийн удирдлагаар ханган  зохион байгуулж, богино хугацаанд хохирол багатай унтрааж ажиллалаа.