Монгол улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаар тушаалаар байгуулагдсан “Шуурхай бүлэг” өнөөдөр Боршоо авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллалаа.

Тус ажлын хэсэг Боршоо боомтын үйл ажиллагаа, халдвар хамгааллын дэглэм сахиулах ажилтай танилцах, аймгийн хүн амын дунд тандалт судалгаа хийх, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Улсын Онцгой комисст танилцуулах чиг үүрэгтэй ажиллаж байна.

Шуурхай бүлгийг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж ахалж, гишүүдээр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, Шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын газрын дарга Д.Баярболд, Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Г.Энхтайван, ХӨСҮТ-ийн Вирус гепатит, энторовирусийн тасгийн эрхлэгч Г.Сарантуяа, ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх, ХӨСҮТ-ийн Тархвар судлаач, их эмч М.Цолмон, ЗӨСҮТ-ийн Лабораторийн их эмч Г.Ганзориг, нарийн бичгийн даргаар ОБЕГ-ын ГШУГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Мягмарсүрэн нар ажиллаж байна.

Боршоо боомтын нөхцөл байдалтай биечлэн танилцсан тус ажлын хэсэг аймаг орон нутгаас тавьсан санал, хүсэлт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Онцгой комисст танилцуулж, шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.