АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 12 ДУГААР ХУРАЛДААНААР ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА:

Коронавирусийн (COVID-19) халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээний талаар аймгийн Онцгой комиссын 12 дугаар хуралдаан өнөөдөр /2020.04.06/ болж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа:

- Ариутгал халдваргүйжүүлэхэд хэрэгцээт бодис, материал, мөн Сайншанд, Замын-Үүд сумдад ариутгал хийх зориулалттай 2 автомашин, аймгийн нэгдсэн эмнэлэгт ариутгал цэвэрлэгээ хийх угаалгын машин, Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хэрэгцээт 100 орыг яаралтай худалдан авах.

- Коронавирусийн (COVID-19) халдварт өвчний голомтод тусгаарлагдан ажилласан эмч, багш, ажилтан алба хаагчдын томилолт, илүү цагийн тооцоо судалгааг гаргаж яаралтай шийдвэрлэх.

- Хилийн боомтод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын биеийн дархлааг сайжруулах зорилгоор витаминжуулах, шаардлагатай халдвар хамгааллын хувцас, амны хаалтаар хангах.

- Гадаадаас тусгай үүргийн онгоцоор ирж Улаанбаатар хотод тусгаарлагдсан Дорноговь аймгийн харьяат иргэдийг үргэлжлүүлэн 14 хоног гэрт нь тусгаарлан, үзлэг тандалтыг тогтмол зохион байгуулах.

- Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах Энержи” ХХК-д ажилладаг Франц улсын иргэнээс Коронавируст (COVID-19) халдвар зөөвөрлөгдөн ирсэнтэй холбогдуулан халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр аймгийн Онцгой комиссоос гарсан зардлын тооцоог нэгтгэн, тус компаниар нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулах.

- (COVID-19) халдварт өвчний тархалт буурахгүй байгаатай холбогдуулан 2020 онд зохион байгуулах тээврийн хэрэгслийн техник хяналтын үзлэг оношилгоог тодорхойгүй хугацаагаар хойшлуулах.

-Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах Энержи” ХХК-ны үйл ажиллагаа байгаль экологид нөлөөлөх байдлын үнэлгээ хийх хөндлөнгийн шинжээч ажиллуулах, хууль зөрчсөн сөрөг нөлөөлөл тогтоогдвол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Цөмийн энергийн газар,”Мон атом” ХХК-д албан бичгээр хүргүүлэх.

-Коронавирус (COVID-19) халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг тус тус үүрэг болгов.