Налайх дүүрэгтэй хил залгаа аймаг, орон нутгаас мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин нийслэл хотод тээвэрлэгдэн орохоос  урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор Городок, зүүн аймаг явах замын уулзвар, 4 дүгээр зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд 2018 оны 03 дугаар  сарын 7-ны өдрөөс эхлэн хяналт шалгалтын постыг ажиллуулж, уг постонд Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Мал эмнэлэг, Цагдаагийн хэлтсүүдээс албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа билээ.  Постоор өвчний голомттой болон сэжигтэй бүс нутгаас ирж байгаа хүн, малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, тээвэрлэлт, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж  байгаа бөгөөд өнөөдөр дүүргийн Засаг даргын “Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай” А/19 дугаар захирамжийн дагуу Засаг даргын орлогч С.Тунгалаг, Х.Анхбаяр, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Баттөгс нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус постуудын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчдын ажиллах нөхцөл байдал, ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалт хийж байгаатай газар дээр нь танилцаж, анхаарал татсан зарим асуудлаар  үүрэг чиглэл өглөө.