2016 оны 12 дугаар сарын 17-ны оройн 21 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн хотын төв зах дотор байрлах “Мөнгөн дөл” Худалдаа үйлчилгээний төвд гал гарлаа гэсэн дуудлагаар Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн гал түймэр гарсан объектод шуурхай хүрэлцэн очсон байна.

        Уг объект нь төв зах дотор шигүү байрласан “Далай ээж”, “Дөрвөн-Уул” захуудын голд байрлалтай, галын автомашин ороод маневр хийх боломжгүй, зай талбай багатай, ажиллаж буй гал сөнөөгч нар барилгын дээвэр дээрээс халтирч унах, угаартах эрсдэл өндөр, гал унтраах төнөг төхөөрөмж хоолой, хошуу  их хүйтэнд хөлдөх зэргээр галыг унтраахад хүндрэлтэй байжээ.

        Тус барилга ойролцоогоор 50х20м харьцаатай, дүнзээр барьж ханыг ислэг хавтангаар, таазыг ламперин хавтангаар доторлосон, таазны хучилт нь хар цаас дэвсэж  үртэс асгасан учраас асалт асар хурдацтай тархсан байна. Онцгой байдлын аврагч, гал сөнөөгчид хүйтэн, шөнийн нөхцөлд бүх хүчээ дайчлан ажиллаж, галын тархалтыг гурван талаас нь хумин тогтоож, бусад объектод тархахаас авран хамгаалж чаджээ. Ажил тарсан, шөнийн цаг байсан учраас галд хүн өртөж, бэртэж гэмтээгүй байна. Уг гал дээр Онцгой байдлын газрын Гал унтраах зориулалтын техник 5, УСНААК-ны ус тээвэрлэгч автомашин З, офицер 11, аврагч гал сөнөөгч 51, нийт 62 албан хаагч 3 цаг ажиллаж галыг тархалтыг зогсоон, бүтэн 9 цаг ажиллаж галын бүрэн унтраасан байна.

        Галын шалтгаан, хохирлыг тогтоохоор Онцгой байдал, цагдаагийн холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар гал цахилгаанаас үүдэлтэй байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ.

          Хөвсгөл хамгийн их хүн амтай аймаг бөгөөд Мөрөн хотод 40 мянган хүн оршин суудаг манай улсын 4 дэх том хот юм. Гал түймэр унтраах, аврах анги байгуулах стандартын дагуу тус хотод Гал унтраах, аврах анги шинээр байгуулах шаардлагатай аж.