НҮБ-ын Ерөнхий ассамблийн шийдвэрээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос хойш эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай.
Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлж анхаарлаа хандуулж байна.
Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Аюулгүй амьдрах мэдлэг” уриаг дэвшүүлээд байна. Монгол Улсын хувьд ч энэ уриан хүрээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тохиолдож буй аюулт үзэгдэл, ослын гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байна. Энэ нь иргэд аюулт үзэгдэл осол, гамшгаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дутмаг байгаагаас гамшиг осолд өртсөөр байгаа гэсэн үг юм.

Зөвхөн 2015 он гарсаар эхний 9 сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 4148 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож үүний улмаас 170 хүн амь насаа алдан 49,3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Онцгой байдлын ерөнхий газраас тус өдрийг тохиолдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд болон “Дэлхийн зөн Монгол”, ОУБ, Монголын Улаанзагалмайн нийгэмлэг, Японы Хүүхдийг ивээх сан зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран иргэдийн болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, иргэд, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулахад чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулна.