Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн улмаас сумын барилга байгууламжийн 75 хувь нь нурж, харилцаа холбоо тасарч сумыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон гэсэн цагийн байдлыг дагуу иргэдийг аюулгүй газар түр нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа. Уг дадлага сургуульд сумын 51 өрхийн 207 иргэнийг хамруулж сумаас 4 км зайд Улаан чих гэдэг газар нүүлгэн шилжүүлсэн.

Уг үзүүлэх дадлага сургуулийг олон улсын нүүлгэн шилжүүлэлтийн стандартын дагуу зохион байгуулсан бөгөөд НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн удирдах багийн гишүүн, ОУШХБ-ын ажилтан Р.Оюунбилэг зөвлөн ажиллалаа.

Үзүүлэх дадлага сургуулийн үеэр банк, сургууль, цэцэрлэг, дэлгүүр, эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээг иргэдэд  хүргэн ажилласан.   Үзүүлэх дадлага сургуулийн үйл ажиллагаатай танилцсан ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, нүүлгэн шилжүүлэлтийн жишиг болохуйц дадлага сургууль боллоо гэж онцолсон юм.