Усанд живж, амиа алдсан иргэдийн дийлэнх буюу 90% нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолддог байна. Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэдий сайн сэлдэг ч  гэсэн гол, нуурын усанд орохгүй байхыг анхааруулж байна.

Мөн хүүхдүүд усанд осолдох нь сүүлийн үед цөөнгүй тохиолдоод байгаа билээ. Дэнжийн мянгаас гэрээсээ тоглох гэж гарсан 10 хүүхдийн 4 нь амиа алдсан харамсалтай тохиолдол гарсныг бид мартаагүй байгаа.
Тэгвэл хоёр хоногийн өмнө буюу 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр эцэг, эхийн хараа хяналтгүйгээр явж байсан гурван настай, эрэгтэй хүүхэд Туул голд осолдож, амиа алдсан харамсалтай тохиолдол дахин гарлаа. Уг дуудлагаар нийслэлийн Аврах 105 дугаар ангийн завьт эргүүлийн бүлэг 12 удаагийн шумбалтаар хүүхдийн цогцсыг гаргаж ажилласан.

Энэ мэтчилэн хүүхдүүд эцэг, эхийн хараа хяналтгүйгээс хүүхдүүд амиа алдах тохиолдол ойрхон гарах болсонтой холбогдуулан усанд осолдохоос урьдчилан сэргийлж дараах анхааруулгыг хүргэж байна.

  • Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү ганцааранг нь явуулахгүй байх
  • Гол горхи, усан санд хүүхдийг хараа хяналтгүй орхихоос сэргийлэх
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх
  • Булчин, шөрмөс татах үед усанд орохоос татгалзах
  • Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх хэрэгтэй.
  • Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах                                                                                                                                  ТАНЫ ХҮҮХДИЙГ ТАНААС ӨӨР ХЭН Ч ХАМГААЛАХГҮЙ ТУЛ ТА ХҮҮХДЭЭ БАЙНГЫН ХАРАА ХЯНАЛТТАЙ БАЙЛГАНА УУ!