Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолоочоос 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр шинэ коронавируст  (COVID-19) халдвар илэрсэнтэй холбогдуулан  Улсын Онцгой комиссоос урьдчилан сэргийлэх чиглэлээр  Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг  2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 21.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас аль ч чиглэлд гарах, мөн тус хот, аймгууд руу аль ч чиглэлээс орох хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. 

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Онцгой комисс 11 цагт хуралдаж, Коронавируст халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн сонор сэрэмжийг улам бүр дээшлүүлэх, амны хаалт зүүхийг онцгой анхааруулах, санамж сэрэмжлүүлгийг тогтмол хүргэж иргэдийн хувийн ариун цэвэр, дархлааг сайжруулах чиглэлд мэргэжлийн байгууллагаас өгсөн зааврыг сурталчлан таниулах, шаардлагагүй бол гэртээ байж, гадуур явахгүй байхыг шат шатандаа анхааруулан ажиллахыг үүрэг чиглэл болгосон байна. Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан УОК-ын 10 дугаар тогтоол “Зорчигч тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн түр зогсоох тухай” , нийслэлийн Засаг даргын “Нийслэлээс гарах, орох хөдөлгөөнийг түр зогсоох тухай” А/560 дугаар захирамжийг мөрдөж ажиллах, дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдээр нэвтэрч байгаа иргэн, тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг чангатгаж мэдээллийг нэгтгэн тухай бүрт танилцуулах үүрэг өглөө.

Сүүлийн үед иргэдийн анхаарал суларч байгааг Онцгой комиссын дарга цохон тэмдэглэж, дүүргийн хэлтэс, албадуудын дарга нарт халдвараас урьдчилан сэргийлэх хяналтыг чангатгах, үр дүнг дээшлүүлэхийг үүрэг болголоо. Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайхан хуралд, коронавируст (Covid-19) халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай нөхцөл байдлыг танилцуулсан.

Дашрамд дурдахад, Онцгой байдлын албанаас явуулж байгаа “Маскаа зүүцгээе” уриалгад тус хэлтэс нэгдэж, сэрэмжлүүлэг наалт байршуулах, богино хэмжээний видео бичлэг түгээх зэрэг төрөл бүрийн контентоор иргэдэд хандсан анхааруулга сэрэмжлүүлгийг бэлтгэн хүргэж байгаа билээ.