Хаврын улирал эхэлсэнтэй холбоотой иргэд хөдөө, орон нутагт зорчих нь ихсэж амралтын өдрүүдээр зуслан, агаар салхинд гарахаар явах үедээ тамхи, шүдэнзний галаа бүрэн гүйцэд унтраахгүй, үнс нурмаа ил задгай асгах, хашаа хороогоо цэвэрлэх үүднээс шар өвс шатаасны улмаас гал түймрийн дуудлага  нэмэгдэж байна. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Жаргалантын амны хойд энгэр “Алдар толгой” гэх газарт гал гарч байна гэсэн дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангиас нийт 12 алба хаагч 2 автомашинтай, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2 байгаль хамгаалагчийн хамт галыг богино хугацаанд унтраасан байна. Шар өвсний түймрийг унтраах ажиллагаанд нийт 14 хүн ажиллаж гал унтраахад 500 л ус зарцуулсан байна.

Нийслэлийн Засаг даргын баталсан өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай А/487 дугаар захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалтат баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2020 оны дөрөвдүгээр сарын 06-наас зургаадугаар сарын 10 хүртэл хориглосон тухай тодорхой тусгасан. Захирамжийн дагуу ирэх 06 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд дүүргийн ногоон бүсэд аялал зугаалгаар явж байгаа иргэдийг буулгах, тараах,  коронавирус (Covid19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлгийг 2320 иргэнд хүргэж ажиллалаа.