Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл улам бүр нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын А/487 дугаар захирамж гарсан. Уг захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалдах баялагийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2020 оны дөрөвдүгээр сарын 06-наас зургаадугаар сарын 10-ны өдрийг хүртэл хориглосон тухай тодорхой тусгасан байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид дүүргийн Байгаль орчны хамгаалалтын газрын байгаль хамгаалагч нартай хамтран ногоон бүсэд хяналт тавьж ажиллаж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын Тэргүүн дэд даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр баталсан хуваарийн дагуу, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, дархан цаазат Богдхан уулын Зайсан, Зайсангийн Богинын ам, Ташгай, Арцат, Хүүш, Нүхт, Түргэн, Өвгөн, Кувейтийн амууд дахь иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Ойн тухай хууль болон уялдан гарсан захирамжийн хэрэгжилтийг хангуулах, түүнчлэн Covid-19-ын халдвараас сэргийлэх, амны хаалт зүүх зэрэг шаардлагатай зөвлөмж мэдээллийг өгч, хяналт шалгалт явууллаа.
Мөн өнжмөл шар өвсийг шатааснаас үүдэлтэйгээр гал алдах, иргэд, аж ахуйн нэгж эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдол гарч байгаатай холбогдуулан тус хэлтсээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимтэй авч байна. Хуурайшилтын зэрэг өндөр байгаа ойрын хугацаанд иргэдийг сонор сэрэмжээ дээшлүүлж, байгалийн баялаг гал түймэрт өртөж болзошгүй байгаа талаар автомашинтай зорчигч иргэдэд яриа таниулга хийж, уулын амуудаас иргэдийг буулгах, тараах ажлыг зохион байгуулж ажиллав. Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтын ажлыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн нийт 28 алба хаагч, 12 автомашинтай ажиллаж хуваарьт үүргийг гүйцэтгэв.