“Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр /2020.03.30/ хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.
Үүнд:
1. Коронавирус (COVID-19) халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, тусгаарлах байранд хамрагдах иргэдийг 1 өрөөнд нэг хүн (1 гэр бүл) байршуулах, ажиглалт хийх хугацааг 21 өдөр болгож сунгасан ба холбогдох зардлыг тухайн иргэн /гэр бүл/ өөрөө хариуцах.
2. Хот хооронд зорчиж буй тээврийн хэрэгслийг Замын-Үүд болон Сайншанд сумын орох, гарах 3 замын уулзварт байрлах Цагдаагийн 2-р пост дээр зорчигчдын халууныг хэмжин холбогдох арга хэмжээг авах.
3 . Улаанбадрах сумын “Бадрах-Энержи” ХХК-ийн кемпт тусгаарлагдсан хүмүүсийн тандалтын хугацаа дуусаж, үргэлжлүүлэн 14 хоног гэрт нь тусгаарлах ажлыг “Бадрах-Энержи” ХХК–тай хамтран зохион байгуулж ажиллах.
4. Айл өрхийн халаалт шаардлага хангахгүйн улмаас бага насны хүүхдүүд ханиад, томуу тусах эрсдэл ихсэж буй тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, айл өрхийн дулаан, халаалтыг зохих түвшинд хангаж ажиллах.
5. Орон сууцны нийтийн эзэмшлийн орц, гудамж, талбайн гэрэлтүүлгийг тогтмол өгөх, харанхуй орчинд нян бактер үржих эрсдэлтэй тул төлбөр төлөөгүйн улмаас цахилгааны хязгаарлалтыг хийхгүй байх шийдвэрийг гаргаж холбогдох байгууллагууд руу хүсэлт хүргүүллээ.