Энэ бямба гаригаас эхлэн Дорноговь аймгийн хэмжээнд орсон цас өнөөдөр бага зэрэг ширүүсч, зарим сумдад цасан шуургатай байна.

Цасан шуурганы улмаас хүн алга боллоо гэсэн мэдээлэл өнөөдөр Онцгой байдлын газарт 3 удаа ирж, 2 нь удалгүй олдсон. Хамгийн сүүлд 16:12 цагт Өргөн суманд тэмээтэй малдаа явсан 60 настай эрэгтэй алга болсон, эцэг эх нь гэртээ үлдээгээд гадагш яваад ирэхэд 13 настай эрэгтэй хүүхэд алга болсон гэсэн дуудлагаар тус сумаас 2 автомашин 8 хүн эрлийн ажиллагааг эхлүүлээд ажиллаж байна гэсэн мэдээлэл ирсэн байна.

Иргэд малчид, та бүхэн цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэртээ үлдээхгүй байж, шаардлагагагүй тохиолдолд шуурга намдтал гэрээсээ гарахгүй байхад анхаарна уу.

Мөн малтайгаа уруудах, шуурганд төөрөх эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойр бэлчээрлүүлэх, бага насны хүүхдийг мал хариулгад явуулахгүй байх, жолооч нар онцын шаардлагагүй бол хол, ойрын замд зорчихгүй байх, зорчихоор бол тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг онцгойлон анхааруулж байна.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР