Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 оронд тархаж, 71269 хүн халдварлаад байгаа Ковид-19 вирусийн тархалтаас урьдчилан сэргийлж, Дорноговь аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа.

Улсын хэмжээнд амны хаалтын хүрэлцээ хангалтгүй байгаатай холбогдуулан Сайншанд сум дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, ажилчид өөрсдөө санаачлан 500 ширхэг даавуун амны хаалтыг оёж бэлтгэн аймгийн Онцгой комиссын орлогч, Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашнямд гардуулан өглөө.

Тус амны хаалт нэг ширхэг нь 670 төгрөгийн өртгөөр бүтсэн ба угааж дахин хэрэглэхэд бөөсрөхгүй, будаг гардаггүй материалаар оёсон байна.

Хурандаа А.Дашням тус даавуун амны хаалтыг оёсон багш, ажилчдад талархсанаа илэрхийлж, тус хүлээлгэн өгсөн амны хаалтыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадын албан хаагчдад хүргэнэ гэдгээ хэллээ.