2020 он гарсаар улсын хэмжээнд 495 удаагийн гал түймрийн тохиолдол бүртгэгдэж, 16 хүний амь эрсэдсэнээс 2 нь хүүхэд байна. Хамгийн сүүлд энэ сарын 05-ны өдөр Дархан-Уул аймагт гэртээ цоожтой байсан 1-5 насны 3 хүүхэд ахуйн ослоор амь эрсэдсэн харамсалтай тохиолдол гарсан. Иймд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээх, үл хайхрах байдалд өртүүлэхээс урьдчилан сэргийлж, хүүхдийг болзошгүй эрсдэл /ахуйн осол, гал түймрийн аюул/-ээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг, хариуцлага, хүүхэддээ тавих анхаарал, халамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг эрчимжүүлэн Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллаж байна.
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 201 тоот тушаалаар баталсан "Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх тухай журам", Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны "Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай" 01 дүгээр албан даалгавар, Онцгой байдлын ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10/284 тоот албан бичгийн хэрэгжилтийн хүрээнд онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хангахад байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид, "Эцэг эхийн зөвлөл"-д мэдээлэл хүргэж, заавар зөвлөмж өгч ажиллалаа.