2008 онд Эрдэнэт үйлдвэр компанийн үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойг угтах арга хэмжээний хүрээнд компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс нь анх санаачилж, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах-58 дугаар анги компанийн Гамшгаас хамгаалах штаб, , Эрдэнэт сувиллын цогцолбор, Залуучуудын холбоо зэрэг хэлтэс, албатай хамтран аврах ажиллагааны “Алтан Бамбай” тэмцээнийг анх удаагаа зохион явуулж байсан.

 “Алтан Бамбай” аврах ажиллагааны тэмцээн нь Монгол Улсын “Гамшгаас хамгаалах тухай”, “Галын аюулгүй байдлын тухай” хууль, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны хэрэгжилтийг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн явцад гарч болзошгүй аюул осол, онцгой нөхцөл байдал, гал түймэр, гамшигтай тэмцэх, аврах ажиллагаа явуулах, анхны тусламж үзүүлэх мэдлэг чадвар эзэмшүүлэх, бүтцийн нэгжүүдийн онцгой байдлын үед туслах хүчин болох гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, Галын сайн дурын бүлгэм, анхны тусламжийн нөхөрлөлүүдийг дадлагажуулах, ач холбогдолтой тэмцээн юм.

Тус тэмцээнийг  Эрдэнэт үйлдвэрийн аврах ажиллагааны дадлага сургууль хийх тусгай байгууламж, полигон дээр үндсэн 5 төрлөөр явагддаг. Үүнд:

  • Зам тээврийн ослын аврах ажиллагаа;
  • Барилга байгууламжийн аврах ажиллагаа;
  • Газар доорх (хязгаарлагдмал орчны) аврах ажиллагаа;
  • Нурангийн аврах ажиллагаа;
  • Уулын аврах ажиллагаа.

Тэмцээнийг дээрх 5 төрлөөр аврах ажиллагааг хамгийн хурдан, алдаа багатай хийж гүйцэтгэсэн шилдэг 5 багийг шалгаруулж цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, 5 төрөл болгоны шүүгч нарын саналыг үндэслэн шилдэг багийн ахлагч, шилдэг аврагч нарыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнадаг уламжлалтай.

2019 оны 09 дүгээр сарын 19-20-ний өдрүүдэд зохион явагдсан “Алтан Бамбай-2019” аврах ажиллагааны тэмцээн нь 9 дэх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд энэ удаагийн тэмцээн нь Зам тээврийн ослын аврах ажиллагаа, Барилга байгууламжийн аврах ажиллагаа, Газар доорх (хязгаарлагдмал орчны) аврах ажиллагаа, Нурангийн аврах ажиллагаа гэсэн 4 төрлөөр явагдлаа. Тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн нийт 21 цех нэгжийн нийт 19 баг амжилттай оролцож  дараахь баг тамирчид шагналт байр эзэллээ. Үүнд:

–    I байр: Чанарын хяналт хэлтэс, Судалгааны төвийн хамтарсан “Хүч” баг

–    II байр: Цахилгааны цехийн “Элч Илч” баг

–    III байр: Автотээврийн цехийн “Сэрэмж” баг

–    IV (тусгай) байр: Засвар угсралтын цех, Оёдлын цехийн хамтарсан “Hyper Rescue” баг

–    V (тусгай) байр: Дулааны цахилгаан станцийн “МегаВатт” баг

–    Зам тээврийн ослын аврах ажиллагааны төрөлд шилдэг багийн ахлагчаар Чанарын хяналт хэлтэс, Судалгааны төвийн хамтарсан “Хүч” багийн ахлагч Б.Барсболд, шилдэг аврагчаар Ган бөмбөлгийн цехийн “Citius” багийн гишүүн З.Учрал;

–    Барилга байгууламжийн аврах ажиллагааны төрөлд шилдэг багийн ахлагчаар Засвар механикийн заводын “Эв санаа” багийн ахлагч О.Батбилгүүн, шилдэг аврагчаар Технологийн сургуулийн “Чимээ” багийн гишүүн Н.Амартуяа;

–    Газар доорх (хязгаарлагдмал орчны) аврах ажиллагааны төрөлд шилдэг багийн ахлагчаар Автотээврийн цехийн “Сэрэмж” багийн ахлагч Г.Мөнхбаяр, шилдэг аврагчаар Цахилгааны цехийн “Элч илч” багийн гишүүн Б.Батцэцэг;

–    Нурангийн аврах ажиллагааны төрөлд шилдэг багийн ахлагчаар Баяжуулах үйлдвэрийн “Шонхор” багийн ахлагч Г.Энхсайхан, шилдэг аврагчаар Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн “Цахим” багийн гишүүн Б.Бота нар шалгарлаа.