Орон нутгийн Дэлхийн зөн Архангай-1 ОНХХ-ийн байгууллага 2004-2018 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа тайлагнаж, түншлэгч байгууллагуудтайгаа хамтран өдөрлөг арга хэмжээ зохион байгууллаа.
Архангай аймгийн Онцгой байдлын газар нь орон нутагт Дэлхийн зөнгийн салбар үүсэн байгуулагдсан 2004 оноос эхлэн нягт хамтран ажиллаж Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр, төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд “Говийн баавгай” газар хөдлөлтийн бэлэн байдал, анхны тусламжийн сургалт, “Аюулгүй өрх” сургалт, “Бэлэн бай” сургалтуудыг орон нутгийн ард иргэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүхдүүдэд зохион байгуулж, аймгийн 19 суманд “Өсвөрийн аврагч” бүлгийг үүсгэн байгуулсан байна. 
Гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтуудыг 19 сумын иргэд, ерөнхий боловсролын 33 сургуульд зохион байгуулж нийт 12250 насанд хүрсэн хүн, 20150 хүүхэд нийт 32400 хүнд буюу аймгийн нийт хүн амын 35,3 хувийг хамруулан сургалт сурталчилгаа хийж аюулгүй амьдрах ухааны мэдлэгийг түгээж, гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн ухамсар хандлагад чухал нөлөө үзүүлсэн.
Орон нутагт гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 115 хүнийг сургагч багшаар бэлтгэсэн байна.
2004-2018 онд Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийг 19 суманд нийт 39 удаа зохион байгуулж хийсэн бөгөөд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохиогүй байсан Ихтамир, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Батцэнгэл, Цэнхэр, Хотонт сумдад дуут дохиог /серень/ шинээр авч суурилуулан бүх сум серень дохиогоор хангагдсан байна. “Говийн баавгай”, “Аюулгүй өрх”, “Бэлэн бай” сургалтын материал 4560 ширхэг, гамшгаас урьдчилан сэргийлэх 18-н төрлийн санамж, боршур балкат 15500 ширхэгийг хэвлүүлэн иргэдэд тараасан.
Орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлтгэл бэлэн байдлыг хангах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах, “Өсвөрийн аврагч” бүлгийн үйл ажиллагааг дэмжих үйл ажиллагааны зардалд 2004-2018 онд Дэлхийн зөн олон улсын байгууллагаас 234,8 сая төгрөгийн санхүүжилтийг авсан байна.
Орон нутгийн Дэлхийн зөн байгууллагатай хамтран ажилласнаар Онцгой байдлын газрын мэргэжилтэнүүд болон сургагч багш нарын заах арга зүй, сургалт зохион байгуулах мэдлэг чадвар дээшилж, сургалтын шинэ арга барилуудыг туршин хэрэгжүүлж, сургалтын үр дүн тоо, чанарт ахиц дэвшил гарч иргэдэд явуулах зайн сургалт, сурталчилгааны хүртээмж дээшилсэн үр дүн гарсан байна.
Мөн иргэдийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголт хандлага нэмэгдсэнээр сүүлийн 5 жилийн хугацаанд ой хээрийн түймрийн дуудлага 80 хувиар, аюул осолд хүүхэд өртөх байдал 66,4 хувиар, аюул ослын улмаас нас барсан иргэдийн тоо 37,5 хувиар, гал түймрийн улмаас орон гэргүй болсон иргэдийн тоо 38,9 хувиар тус тус буураад байна.
Аймаг, орон нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад бодитой хувь нэмрээ оруулж 14 жилийн хугацаанд хамтран ажилласан Орон нутгийн Дэлхийн зөн Архангай-1 байгууллагын хамт олонд талархсанаа илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.