ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11/1133 дугаар албан бичгийн хэрэгжилтийн хүрээнд Дэлхийн Зөн Баянхонгор-2 ОНХХ, Улаан загалмайн хороотой хамтран хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж “Өсвөрийн аврагч-2018” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулж тэмцээний нээлтэнд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн болон Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа А.Алтанбагана нар үг хэлж тамирчдад амжилт хүссэн.

 “Өсвөрийн аврагч-2018” тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд тэмцээнд оролцох бүлгийн гишүүдэд 2 цагийн багтаамжтай танхимын сургалтыг зохион байгуулсан. Мөн тэмцээний баннер, медаль, гарын бэлэг зэрэг шаардагдах зүйлсийг Дэлхийн Зөн Баянхонгор-2 ОНХХ санхүүжүүлэн бэлтгэл ажлыг ханган ажиллаа.

“Өсвөрийн аврагч-2018” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн төвийн Ерөнхий боловсролын 2 сургууль, Политехник коллеж, Баянцагаан, Бууцагаан сумдын сурагчдын дунд амжилттай зохион байгуулан явууллаа.
Уг тэмцээнд нийт 5 багийн 35 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин буухиа тэмцээнээр өрсөлдлөө.
Тэмцээний нийлбэр дүнгээр З.Нандинбаатар ахлагчтай Политехник коллежийн баг тамирчид шалгарч “Өсвөрийн аврагч” шилжин явах цомыг гардан авлаа.

2 дугаар байрт А.Билэгдэмбэрэл ахлагчтай Баянцагаан сумын ЕБС-ын баг тамирчид, 3 дугаар байрт С.Гэрэлчимэг ахлагчтай Эрдэнэмандал ахлах сургуулийн баг тамирчид тус тус шалгарснаар “Өсвөрийн аврагч-2018” аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.