Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд, ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх“ төслийг Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн 12 суманд хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд Говь-Алтай аймагт “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага“ сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Говь-Алтай аймгийн Шарга, Алтай, Дарви сум, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Өвөрхангай, Баянхонгор  аймгийн Онцгой байдлын газрын ангиллын сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 33 алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сургалтыг  Олон улсын зөвлөх, доктор Иан Вайлдэрспин, төслийн дэд зохицуулагч В.Ганбат  нар удирдан явуулж байгаа бөгөөд олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх, тайлан бэлтгэх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, сумын гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг багийн хөршийн бүлгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тулгуурлан сайжруулах зэрэг хичээл зааж, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх туршлагаасаа хуваалцсан юм.