Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд, ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх“ төслийг Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн 12 суманд хэрэгжүүлж байгаа билээ.
2018 оны 04 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага“ сэдэвт сургалтанд төсөл хэрэгжиж буй Мөнххаан, Сүхбаатар, Түмэнцогт сумдын нийт 30 алба хаагч, багийн хөршийн бүлгийн төлөөллүүд хамрагдаж байна.
Сургалтыг ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн судалгааны төвийн дарга, хошууч генерал П.Даш, Олон улсын зөвлөх, доктор Иан Вайлдэрспин нар удирдан явуулж байгаа бөгөөд олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээ, багийн хөршийн үйл ажиллагааны төлөвлөгөөг сумын гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөнд тусгах, сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, сумдын мэргэжлийн ангийн багаж хэрэгсэлийн чадвахыг нэмэгдүүлэх зорилготой юм.