Архангай аймгийн Онцгой байдлын газраас сум орон нутагт урьдчилан сэргийлэх өдөрлөг арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ихтамир суманд “Ихтамир сумандаа эрсдэлгүй амьдарцгаая” өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа.

Ихтамир сум нь ойн сан ихтэй, сүүлийн гурван жилийн хугацаанд ойн түймэр 3 удаа, объектын гал түймэр 6 удаа, малын гоц халдварт галзуу өвчин 6 удаа тохиолдсон байна.

Тус өдөрлөг арга хэмжээний хүрээнд хүрэлцэн ирсэн иргэдэд гал түймэр, газар, хөдлөлт, мал амьтны гоц халдварт галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар, мэдээлэл, яриа таниулга хийж, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг сорьж “АХА” танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулж, мэдлэгийн түвшин тогтоох сорилыг 40 иргэнээс авлаа.

 Мөн сумын хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нийт 590 сурагчдад аврагч мазаалайн зөвлөмж хүүхэлдэйн кино үзүүлж, газар хөдлөлтийн үед аюулгүй талбайд байрлах 2 цагийн дадлага сургалт зохион байгуулав.

Иргэдэд чанга яригчаар  гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, албаны үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, шторкийг давталттайгаар хүргэж,  хөдөлгөөнт сурталчилгаа явуулж санамж боршур 565 ширхэгийг тараалаа.

ОБГ-ын албан хаагчид сумын төвийн 310 айл  өрхөөр орж галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг хийж 750 иргэнд заавар зөвлөмж өгч ажиллаа.

Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар тус сумын аж ахуй нэгж байгуулагын галын аюулгүй байдалд хяналт шалгалт хийж 15 зөрчил илрүүлж, 2 объектод заавал биелүүлэх албан шаардлага хүргүүллээ.