Дэлхийн 129 улсад хүүхдийн сайн сайхны төлөө үйлчилдэг Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөр нь өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн манай аймгийн 8 сумын малчид болон малчдын хүүхдүүдэд туслах зорилгоор 2 төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Хүүхдийг ивээх сангийн төлөөлөгчид төслүүдийнхээ талаар мэдээлэл өгч, аймгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа. Эхний төсөл болох “Өвөлжилт хүндэрч буй орон нутгийн малчин өрхүүдийг дэмжих нь” төслийн хүрээнд малчдад хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх, амьжиргааг дэмжих чиглэлээр Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул сумын зорилтот бүлгийн, шалгуурт нийцсэн 672 малчин өрхөд 120 орчим мянган төгрөгийн малын тэжээлийн багц болон 180 гаруй мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж, нийтдээ өрх тус бүрт 300 орчим мянган төгрөгийн тусламж үзүүлэх юм.

“Өвөлжилт хүндэрч буй орон нутгийн малчин өрхүүдийг дэмжих нь” төсөл нэг сарын хугацаатай хэрэжиж энэ оны 4 сарын 4-нд дуусах бол 2 дахь төсөл болох “Зуданд нэрвэгдсэн хүүхдүүдэд боловсролын дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэн гамшгийн эрсдлийг бууруулах чадавхийг бэхжүүлэх нь” төсөл 1 жилийн хугацаатай хэрэгжих юм. Зудын сөрөг нөлөөллийн улмаас малчдын хүүхдүүд аюулгүй, хүүхдэд ээлтэй дотуур байрны орчинд хичээллэж чадахгүй, сургууль бүр гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөгөөтэй хэдий ч сургууль дээр гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаа хангалтгүй хэрэгждэгээс хүүхдүүд гамшгийн үед бэлтгэгдээгүй, эмзэг хэвээр үлдэж байгаа юм. Тиймээс малчдын хүүхдийн боловсролыг дэмжихэд чиглэсэн энэхүү төслийг Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Завханмандал гэсэн 8 сумын 9 ЕБС-д хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 9000 орчим хүүхдэд туслах юм байна.