Албан байгууллагуудын дарга нарын энэ долоо хоногийн хурлыг аймгийн Онцгой байдлын газар хариуцан зохион байгууллаа. Хурлын эхэнд Онцгой байдлын газар 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа товч тайланг танилцууллаа. Өнгөрсөн онд аймгийн Онцгой байдлын газар нь аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 173 удаагийн дуудлагаар гарч ажиллан 31 хүний эрүүл мэнд, амь нас болон төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 1 тэрбум 243 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Аж ахуйн нэгж байгууллага бүр гал унтраах анхан шатны багаж хэрэгслүүдтэй болж,  гал унтраагуулыг заавал байршуулж, ашиглах ёстой гэдгийг энэ үеэр санууллаа. Мөн жил бүр галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж, хөрш зэргэлдээ байгууллагуудтайгаа хамтарч ажиллах, түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа тохиолдолд гэрээндээ гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх заалтууд оруулж өгөх хэрэгтэйг хэллээ.

Түүнчлэн Улсын нөөцийн салбарын дарга Д.Баасанжав цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн бол ОБГ-ын Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Баярсайхан Завхан аймгийн өвөлжилтийн нөхцөл байдлын тухай товч мэдээлэл хийлээ. Аймгийн хэмжээнд 2016-2017 оны өвөл, хаврын улиралд 24 сумын 115 багийн 8,3 мянган малчин өрх, нийтдээ 5.7 мянган цэгт 3.4 сая мал, хонин толгойд шилжүүлснээр 5,3 сая мал өвөлжиж байна. Үндсэн сумынхаа нутагт 7,6 мянган өрхийн 3 сая орчим мал, аймаг дотроо бусад сумынхаа нутагт 303 өрхийн 265 мянган мал, хилийн зурвас нутагт 120 өрхийн 71 мянган мал, тусгай хамгаалалттай бүс нутагт 55 өрхийн 12,1 мянган мал өвөлжиж хаваржиж байгаа бол аймаг дундын отрын бүсэд 5 сумаас 62 өрхийн 174 хүн, 74.2 мянган мал өвөлжиж байна. Их-Уул, Тосонцэнгэл, Отгон, Шилүүстэй, Сантмаргац, Баянтэс, Асгат сумаас хөрш зэргэлдээ Архангай, Хөвсгөл, Булган, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын 14 сумын нутагт 163 өрхийн 65.1 мянган мал отроор орон өвөлжиж байна. Дөрвөлжин сумын бүх баг, Ургамал сумын Тосгуур, Хульж баг, Завханмандал сумын Мандал, Олонбулаг, Олонтүрүү баг, Яруу сумын Зүйл, Хэц-Улаан багуудын баруун урд хэсэг, Алдархаан сумын Аргалант, Өгөөмөр багуудын нутгаар цас бага орж цасны зузаан төдийлөн нэмэгдээгүйгээс малын усан хангамж дутагдах нөхцөл үүсээд байгаа юм байна. Түүнчлэн Говь-Алтай, Ховд, Архангай аймагт малын гоц халдварт өвчин гарсан учраас хил залгаа аймгуудаас малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн авах тал дээр анхааралтай байхыг санууллаа.

 

Хурлын төгсгөлд аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгийн товч танилцуулгыг хийж, шинэ 7 хоногт болох онцлох үйл явдлын талаар мэдээлэл өглөө. Жилийн эцсийн мал тооллогын дүнгээр манай аймаг 3 сая 406,2 мянган толгой мал тоолуулснаас 1 сая 379,8 мянган хээлтэгч тоологдож, өнгөрсөн оноос нийт мал сүрэг 8,7 хувиар буюу 273,2 мянгаар, тэмээ 3.0 хувиар буюу 204 толгойгоор, адуу 14,1 хувиар буюу 23,1 мянгаар, үхэр 8,5 хувиар буюу 13,5 мянгаар, хонь 10,7 хувиар буюу 167,6 мянгаар, ямаа 5,5 хувиар буюу 68,9 мянгаар тус тус өссөн байна. Амины малтай өрх нь аймгийн нийт өрхийн 61,6 хувийг эзэлж, малчдын 30.0 хувь нь 15-34 насны залуучууд, 57,9 хувь нь 35-59 насны хүмүүс, 12,1 хувь нь тэтгэврийн насны хүмүүс тус тус эзэлж байна. Аймагт 1000-аас дээш малтай өрх 597 болж өмнөх оноос 73 мянгат малчнаар нэмэгджээ. Аймагтаа бүх малаараа Алдархаан сум тэргүүлсэн бол тэмээгээр Дөрвөлжин сум, адуу, үхэр, хониор Их-Уул сум, ямаагаар Алдархаан сум тэргүүлжээ.

Дараагийн албан байгууллагын дарга нарыг хурлыг Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сан, Орон нутаг судлах музей хамтран зохион байгуулахаар боллоо.